| | | |
Мэдээ

СОЁЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЭНХ-АМГАЛАН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ДЭЛХИЙН ЭКСПО 2030-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ЭЛЧИН САЙД Р.ОРЛАНДИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2023-10-11 1.0М

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан Бүгд Найрамдах Итали Улсын Дэлхийн ЭКСПО 2030-ийн асуудал хариуцсан тусгай Элчин сайд Р.Орланди тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Соёлын яаманд хүлээн авч уулзав. Бүгд Найрамдах Итали Улсын төлөөлөгчид тус улсын нийслэл Ром хот Дэлхийн Экспо 2030-ыг зохион байгуулах хотын эрхийн төлөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаатай холбогдуулан дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.

Талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хоёр орны соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах эрхийн төлөө Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хот, Бүгд Найрамдах Итали Улсын Ром хот болон Саудын Араб Улсын Эр-Рияд хот өрсөлдөж байгаа бөгөөд сонгууль энэ оны 11 дүгээр сард Парис хотноо болно.

Бусадтай хуваалцах