| | | |
Мэдээ

​ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

2026-04-29 190

​Жил бүрийн 04 дүгээр сарын 29-ний өдөр тохиодог "Дэлхийн бүжгийн өдөр"-ийн халуун мэндийг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье!

​Энэхүү өдөр нь орчин үеийн балетын эцэг хэмээн алдаршсан Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд ЮНЕСКО-ийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Олон улсын театрын хүрээлэнгээс санаачлан 1982 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн уламжлалтай. Бүжгийн урлаг нь хүн төрөлхтнийг хэл, улс төр, соёлын хил хязгааргүйгээр нэгтгэж чаддаг хамгийн хүчирхэг гүүр болохыг дэлхий дахинд сурталчлан таниулах нь тус өдрийн гол зорилго билээ.


Бүжиг бол зүгээр нэг урлаг бус, сэтгэлийн гүн дэх мэдрэмжийг хөдөлгөөнөөр амилуулж, хүн төрөлхтнийг эрч хүчээр цэнэглэдэг амьд хэл юм. Тэр дундаа Монголын ард түмний язгуур урлаг, уламжлалт бүжиг, биелгээ нь бидний соёлын дархлааг хадгалах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үнэт өв билээ. Түүнчлэн бүжгийн урлаг, бүжгийн спорт нь залуучуудын бие бялдрын өв тэгш хөгжил, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхээс гадна манай улсыг зорин ирэх жуулчдын сэтгэлийг татах аялал жуулчлалын нэгэн тод нэрийн хуудас болж байна.


​Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд бүжигчид, багш сурган хүмүүжүүлэгчид болон бүжгийн урлагийг шимтэн хайрлагчид нэгэн хэмнэлд нэгдэн, хөдөлгөөний урлагаар дамжуулан баяр баясгаланг түгээж байна.

​Бүжгийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулж буй үе үеийн бүжигчид, бүжиг дэглээч, багш дасгалжуулагчид болон бүжгийн урлагийг сонирхогч хүн бүрд уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

​Урлагийн тэнгэр үргэлж ивээж, бүжгийн гайхамшигт хэмнэл тасралтгүй үргэлжлэх болтугай.

Бусадтай хуваалцах