| | | |
Мэдээ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “ХУРИМТЛАГДСАН АСУУДАЛ”-Д ШУУРХАЙ ШИЙДЭЛ: САЛБАРЫНХАНТАЙ ХАМТРАН САНАЛ БҮРИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХООР, ТОДОРХОЙ САНАЛУУД ДЭЭР БИЕЧЛЭН УУЛЗАНА

2026-04-24 317

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн, шийдлийн түвшинд хамтран ажиллах чиглэл тодорхой боллоо.

Уулзалтад оролцогчид салбарын хөгжилд саад болж буй гол зангилаа асуудлуудыг хөндсөн бөгөөд виз, хил нэвтрэх нөхцөл, нислэгийн хүртээмж, өндөр өртөг, улирлын хэт төвлөрөл, орон нутгийн дэд бүтцийн сул байдал, үйлчилгээний стандартын ялгаа зэрэг асуудлыг онцолсон байна.


Үүнээс гадна аялал жуулчлалын салбарт зориулсан 6 хувийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт бодит байдал дээр хангалтгүй, шалгуур өндөр, мэдээлэл ил тод бус байгаа нь салбарын аж ахуйн нэгжүүдэд хүрэх боломжийг хязгаарлаж байгааг төлөөллүүд тодотголоо. Иймд зээлийн шалгуур, хүртээмжийг тодорхой болгох, мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлагатайг санал нэгтэйгээр илэрхийлэв.


Мөн хүний нөөцийн хомсдол, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, улирлын шинжтэй хөдөлмөр эрхлэлт нь үйлчилгээний чанар, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг онцлон, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал хэмээн үзэж байна.


Сайд Ж.Алдаржавхлан уулзалтын үеэр оролцогчдын гаргасан санал, шүүмжлэлийг бүрэн сонсож, “Салбарын бодит нөхцөл, тулгамдсан асуудлыг талуудын оролцоотойгоор тодорхойлж, хэрэгжих боломжтой шийдлүүдийг шуурхай гарган ажиллана. Тодорхой санал, шийдэл дэвшүүлсэн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй биечлэн уулзаж, санал тус бүрийг ажил хэрэг болгох чиглэлд шууд хамтран ажиллана” хэмээн мэдэгдлээ.


Уулзалтын үр дүнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тодорхойлох, ялангуяа санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Ийнхүү уг уулзалт нь салбарын асуудлыг зөвхөн хэлэлцэх бус, бодит шийдэлд шилжүүлэх, шуурхай хэрэгжилтийг эхлүүлэх суурь алхам болж байгаагаараа онцлог болж байна

Бусадтай хуваалцах