| | | |
Мэдээ

ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛИЙН 35 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2026-04-23 144

Монгол Улсад биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Үндэс биеийн тамирын их сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 35 жилийн ой 2026 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд боллоо.

Монгол Улсын Засгийн газар, салбарын яамны зүгээс биеийн тамир, спортыг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд тус сургуулийн үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгааг онцлон үзэж байна. Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн түүхт ойн баярт зориулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан мэндчилгээ дэвшүүлснийг яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан арга хэмжээний үеэр уншиж танилцууллаа.

Сайд Ж.Алдаржавхлан мэндчилгээндээ “Үндэс биеийн тамирын их сургууль нь салбартаа тэргүүлэх боловсон хүчин бэлтгэж, Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд олон улсад нэр хүндтэй сургууль болон хөгжин, бэхэжсэн байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үндэс биеийн тамирын их сургууль нь 1991 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө бакалавр, магистрын зэрэгтэй 6000 гаруй мэргэжилтэн төгсгөн гаргасан боловсролын томоохон байгууллага болон өргөжжээ. Тус сургуулийн сургалтын гол онцлог нь үндэсний спортын өв уламжлалыг орчин үеийн спортын шинжлэх ухаантай хослуулсан “сургалт, судалгаа, спорт”-ын цогц бодлогод суурилдагт оршдог. Энэхүү бодлогын үр дүнд тус сургуулиас олимп, дэлхий, тивийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагчид төрөн гарч, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхөд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Сургуулийн 35 жилийн ойн хүрээнд гадаадын 8 орны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүнчлэн спортын үзүүлэх тоглолт, үндэсний бөхийн барилдаан, баярын хурал зэрэг олон талт арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.

Бусадтай хуваалцах