| | | |
Мэдээ

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШАТ АХИУЛЛАА

2026-04-22 326

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, салбар бүрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр баримт бичгүүдийн дотор Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын ойрын хоёр жилийн замын зургийг тодорхойлсон түүхэн ач холбогдолтой төлөвлөгөө багтсан юм.

2026-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд Аида Балаева, Аялал жуулчлал, спортын сайд Е.К.Мырзабосынов нартай албан ёсны уулзалт хийж, “Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Тус төлөвлөгөө нь 2024 онд байгуулсан салбарын яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил хэрэг болгож буй бөгөөд дараах гол чиглэлүүдийг тусгасан байна:

  • Соёл, архив, археологи: Хоёр улсын түүх, соёлын нийтлэг өвд түшиглэн архивын сан хөмрөгийг хамтран судлах, гэрэл зураг болон уран бүтээлчдийн солилцоог эрчимжүүлэх.

  • Спорт, залуучууд: Залуучуудын байгууллага хоорондын хэлхээ холбоог дэмжих, спортын чиглэлээр туршлага солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааныг зохион байгуулах.

  • Аялал жуулчлал: Нүүдэлчин соёл иргэншилд суурилсан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулах, бүс нутгийн хэмжээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих.

Айлчлалын үеэр Сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын аялал жуулчлалын "Go Mongolia" үндэсний брэндийг сурталчлах, тэр дундаа хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд нислэгийн шинэ гарцуудыг нээж байгаа нь салбарын эдийн засагт томоохон үр өгөөж авчирна гэдгийг онцоллоо. Шууд нислэг нэмэгдсэнээр соёлын болон бизнесийн харилцаа илүү хурдтай хөгжих таатай нөхцөл бүрдэж байна.

Албан ёсны уулзалтын ач холбогдол

БНКУ-ын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева уулзалтын үеэр Монгол Улсын архивын фондоос Казахстаны түүхэнд холбогдох 100 гаруй фото болон видео баримтыг хүлээлгэн өгсөн "Архив-2025" төлөвлөгөөний үр дүнг сайшаан тэмдэглэв. Мөн Монголын сайд Ж.Алдаржавхланг ирэх 5 дугаар сард Астана хотноо болох "Алтан Орд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний симпозиумд албан ёсоор урьсан юм.

Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө нь хоёр улсын иргэд, залуучуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, үндэсний өв соёлоо дэлхий дахинд хамтран сурталчлах шинэ хуудсыг нээж байна.

Бусадтай хуваалцах