| | | |
Мэдээ

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026-04-03 399

ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сангаас 17 дахь удаагийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100.000 ам.доллар бөгөөд төслийн хэрэгжих хугацаа 12-24 сар байна. Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Төслийн материалыг англи хэлээр бэлтгэн ЮНЕСКО-гийн 2005 оны конвенцын цахим хуудсаар нэвтэрч, цахим маягт бөглөн илгээнэ.

Тус сангаас дараах шаардлага хангасан төслүүдэд санхүүжилт олгоно. Үүнд:

  • Соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжиж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах;

  • Хөгжиж буй орнуудын орон нутгийн болон бүс нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл, зах зээлийг дэмжихэд шаардлагатай гэж үзсэн төрийн байгууллага ба иргэний нийгмийн байгууллагын хүний болон байгууллагын чадавх бэхжүүлэх;

  • Соёлын салбарт жендерийн тэгш бус байдлыг бууруулж, соёлын харилцаанд бүх нийтийг тэгш хамруулж, оролцуулах зэрэг болно.

 Төсөл илгээхэд дараах үе шаттай байна: ЮНЕСКО-гийн https://www.unesco.org/creativity/en/ifcd/apply цахим хуудас руу орж,  холбогдох бүх материалыг татаж авч танилцах;

  1. Цахим бүртгэл үүсгэх;

  2. “Project framework” материалыг англи хэлээр бэлтгэж, маягтыг бүрэн бөглөж, шаардлагатай бүх материалыг хавсаргах;

  3. Албан ёсны орчуулгатай байгууллагын гэрчилгээг хавсаргах;

  4. Төслийг “Apply for funding” товч дээр даран, төслийн мэдээллээ оруулах зэрэг болно.

ЮНЕСКО-гоос төсөл хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бөгөөд төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл тодруулах бол дараах цахим шуудангаар холбогдоно уу (Culture@unesco.mn, Холбогдох дугаар - 70105652).

Бусадтай хуваалцах