| | | |
Мэдээ

МОНГОЛЫН ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН 40 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ "HOTELEX 2026" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2026-03-30 262

Монгол Улсын Засгийн газраас дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх зорилтын хүрээнд Монголын Зочид буудлуудын холбоо болон дотоодын 40 гаруй зочид буудлын төлөөлөл БНХАУ-ын Шанхай хотноо 2026 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Hospitality and Tourism International Expo 2026” буюу “HOTELEX 2026”, “HOTEL PLUS 2026” олон улсын үзэсгэлэнд оролцож байна.

Тус үзэсгэлэн зочид буудал, ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэлийн бүхий л нийлүүлэлтийн сүлжээг нэг дор төвлөрүүлж, салбарын шинэ бүтээгдэхүүн, технологи, чиг хандлагыг (тренд) олон улсад танилцуулах гол зорилгоор зохион байгуулагддаг зочлох үйлчилгээний салбарын хамгийн том арга хэмжээ бөгөөд энэ удаад дэлхийн 150 орчим улсын төлөөлөл хуран цуглараад байна.

Монгол Улсын зочид буудлын бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад харилцааг өргөжүүлэх бодлогын хүрээнд манай төлөөлөгчид тус үзэсгэлэнгийн үеэр олон улсын байгууллагуудтай B2B (бизнесээс бизнест) уулзалтууд хийж, туршлага солилцон, шинэ гэрээ хэлцлүүд байгуулах платформыг идэвхтэй ашиглаж байна.


Үзэсгэлэнгийн өдрүүдэд салбарын хөгжлийг тодорхойлох форум, уулзалтуудаас гадна олон улсын зэрэглэлтэй бариста, тогоочдын ур чадварын тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа нь манай үйлчилгээний салбарынханд дэлхийн жишгээс суралцах, инновацыг нэвтрүүлэх үнэтэй боломжийг олгож байгаагаараа онцлог юм.


Монголын зочид буудал, зочлох үйлчилгээний салбарынхан ийнхүү олон улсын тавцанд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байгаа нь Монгол Улсын аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэх, чанарыг сайжруулахад чухал түлхэц болно гэж үзэж байна.

Бусадтай хуваалцах