| | | |
Мэдээ

Өмнөговь аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-08-06 610

Өмнөговь аймагт ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Аймгийн номын сан нь 40 орчим мянган номтой, жилдээ 30 гаруй мянган хүнд, байнгын 3000 гаруй уншигчид нийтийн болон хүүхдийн уншлагын гэсэн хоёр танхим, гэрээр ном олгох танхимаар үйлчилж байна.

Харин аймгийн хэмжээнд номын сангийн сан хөмрөг 161 мянгад хүрч, 80 орчим мянган хүн, тэр дундаа 31 мянган хүүхдэд үйлчилжээ.

Аймгийн төв номын сангийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж, зай талбай нь хүрэлцэхгүй байгаа ч номын фондыг тогтмол баяжуулж, явуулын номын сан аялуулах зэргээр байнгын үйл ажиллагаа явуулж байгаа талаар номын сангийн удирдлагууд танилцууллаа.

Мөн сурагчдын зуны амралтыг зөв зүйтэй өнгөрүүлэх, ном унших сэдлийг төрүүлэх зэрэг зорилтоор энэ зуны турш аймгийн хэмжээнд ном унших, номын тэмдэглэл хөтлөх, чимээгүй уншлага хийх, бага ангийн сурагчдад чиглэсэн бяцхан ном болон номын хавчуурга хийх, савхан модоор үзэг балны сав хийх зэрэг сургалтыг номын сандаа зохион байгуулж, номын санг хүүхдүүдэд ойртуулах олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Аймгийн номын санд тулгамдаж байгаа асуудал нь номын сангийн байрыг шинэчлэх бөгөөд Соёлын сайд Ч.Номин аймгийн соёлын салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, Төсвийн тухай хуулийн хүрээнд аймгийн номын сангийн байрыг шинэчилж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх чиглэлд анхаарч буйгаа илэрхийлэв.

Өмнөговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 оны хооронд аймгийн төв номын сангийн барилгыг шинээр барих төсөв батлагдан, барилгын гүйцэтгэгч шалгарч, ажил эхлэх зөвшөөрлөө авсан байна.

Бусадтай хуваалцах