| | | |
Мэдээ

"ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨВИЙН СИМПОЗИУМ БОЛЛОО

2024-08-02 488

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулж “ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨВИЙН СИМПОЗИУМ-ыг 2024 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Энэхүү симпозиумыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ, Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Архангай аймгийн Соёл, урлагийн газар, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей, Эрдэнэ Зуу музей, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо хамтран зохион байгууллаа.

Тус симпозиумд Япон Улсаас Соёлын өвийн Нара болон Токиогийн үндэсний судалгааны хүрээлэн, Японы соёлын өвийн гамшгийн эрсдэлийн удирдлагын төв, Отани их сургууль, Японы Эзэн хааны цуглуулгын музей, Санномару Шозокан зэрэг байгууллагын удирдлага, судлаачид хүрэлцэн ирж оролцов. Симпозиумд соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлого, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Дэлхийн дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хамгаалах асуудал, орон нутагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийг хамгаалах бодлого, менежмент үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал болон Эрдэнэ Зуу, Шанхын Баруун хүрээ, Төвхөн хийдийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт, цаашдын чиг хандлагын тухай илтгэлийг Монгол талаас хэлэлцүүлэв. Мөн Япон Улсын соёлын өвийн тухай хууль, бодлого, археологийн дурсгалт газрын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт ба ашиглалт, соёлын дурсгалт газруудыг тогтвортой хамгаалах менежментийг хэрэгжүүлэх, хэтийн төлөв, хандлага, модон архитектурын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт, Монгол Улсын соёлын өвийг хамгаалахад Япон Улсын оруулсан хувь нэмэр зэрэг илтгэл хэлэлцүүллээ. Монгол-Японы соёлын өвийн симпозиумын хүрээнд хоёр улс соёлын өвийн салбарт хамтран ажиллах боломжийг судлах, дараагийн симпозиумыг зохион байгуулах тухай саналыг харилцан хэлэлцэхээр боллоо. Энэхүү симпозиум нь Монгол оронд соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааныг хөгжүүлэх тодорхой дэмжлэг болно хэмжээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Бусадтай хуваалцах