| | | |
Мэдээ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

2025-07-10 160

Нарлаг зуны энэ л өдрүүдэд төрт ёс, түүх соёл, өв уламжлалаараа бахархан суугаа Монгол түмэндээ Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдсаны 2234 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 114 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Үндэсний их баяр наадам бол Монголчуудын баяр бахархал, эв нэгдэл, итгэл найдвар, урам зориг, цог хийморийн шүншиг оршсон гүн гүнзгий утга бэлгэдэлтэй, бусдаас ялгарах онцлогийг тодотгон илэрхийлдэг хосгүй гайхамшигт үнэт зүйл билээ.

Ид хав нь жигдэрсэн эрэмгий бөхчүүдийн уран барилдаан, уяа сойлго нь таарсан хурдан хөлгүүдийн шандас сорьсон уралдаан, нумын цэцээ зассан мэргэн харваачдын онч харваа жил жилийн наадмын түүхийг баяжуулж, хүн бүрийн сэтгэлийн чанадад гэгээлэг дурсамж болон хадгалагддаг.

Өнгөрсөн ирээдүйг холбох цаг хугацааны тохиол дээр амьдарч байгаа Монгол хүн бүрд өнө эртнээс уламжилж ирсэн Монгол наадмын үнэт зүйл бүхнийг эрхэмлэн дээдэлж, язгуур хэв шинжээр нь хойч үедээ өвлүүлж үлдээх хүндтэй үйлсэд хүчин чармайлт гарган идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт Монгол орныхоо өнцөг булан бүрд сэтгэл догдлон суугаа Монгол түмэн минь даяар олноороо сайхан наадаарай!

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн,

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын УНДРАМ

Бусадтай хуваалцах