| | | |
Мэдээ

Монголын Уран Зургийн Галерей нь дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгож байна.

2023-08-23 310

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia нь орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго чиглэлтэй 1991 онд байгуулагдсан төрийн үйлчилгээний байгууллага юм.

1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн бүтээсэн уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, өрөг урлал гээд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээл тус галерейд хадгалагдаж байна. Жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж, судлан сурталчилж, хадгалж хамгаалан олон түмэнд дэлгэн толилуулдаг.
Та бүхэн тус галерейд зочилсноор нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой. Энэхүү бүтээлүүд агуулга, зохиомж, түүх, соёлын үнэ цэнээрээ манай улсад төдийгүй дэлхийн дүрслэх урлаг судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар ирсэн.
Жилд гадна дотны томоохон хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10000 гаран үзэгчдэд үйлчилж байна.
Та бүхнийг морилон саатахыг урьж байна.

Бусадтай хуваалцах