| | | |
Мэдээ

ЭМГЭНЭЛ

2026-02-10 221

ЦЭНДСҮРЭНГИЙН ШАРХҮҮ (1946 - 2026)

Монгол Улсын болон ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин Цэндсүрэнгийн Шархүү нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, хань, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Цэндсүрэн овогтой Шархүү нь 1946 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт төрсөн. 1954-1961 онд Сүхбаатар хотын партизан Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуульд суралцан 7-р анги төгсөж, улмаар Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж 1966 онд төгссөн бөгөөд, Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд гоцлол дуучнаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн юм.

Ц.Шархүү нь гоцлол дуучнаар ажиллахын зэрэгцээ тэр үеийн соёлын ордны уран бүтээлчдийн тоглож байсан “Учиртай гурван толгой”, “Будамшуу”, “Чөтгөртэй авдар” зэрэг жүжгүүдийн гол ба туслах дүрүүдийг чадварлаг бүтээж, аймгийн соёлын байгууллагын шилдэг уран бүтээлчээр 2 удаа шалгарч байжээ. Мөн тэрээр 1971 онд анх байгуулагдсан Улсын Филармонид гоцлол дуучнаар уригдан ажиллаж, Островскийн “Газар дэлхийн дуу”, “Учиртай гурван толгой” дуурийн “Балганы ари”, “Халуун элгэн нутаг“ дууг дуулж хөдөөгийн хөдөлмөрчдөд сонгодог хөгжмийн бүтээлийг сурталчлахад их хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр өөрийн хүсэлтээр 1973 оноос Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд эргэн орж ажиллаж, аймгийн соёлын ордон ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулга болон өөрчлөгдөхөд гоцлол дуучнаар тасралтгүй 30 жил ажиллаж байгаад 1996 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллах болжээ. Ц.Шархүү нь урын сандаа орос, буриад дууг голчлон дуулж, “Тооното нютаг””, “Инаг дураяа гамнаарай”, “Оросууд дайныг хүсээ гэж үү”, “Бухенвальдын хонх" зэрэг дуугаараа олны танил болж, Сэлэнгийн Шархүү хэмээх нэрээр алдаршсан юм. Тэрээр урын сандаа 300 гаруй дуутай бөгөөд үүнээс радиогийн алтан фондод 20 орчим дуу бичүүлж байсан төдийгүй Монгол Улсын бүх аймаг сум, баг бригадад уран бүтээлээ хүргэж байжээ.

Мөн тэрээр монгол урлагийг дэлхийд сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулж, 1968 онд ЗХУ болон Монгол Улсын Залуучуудын оюутны IV их наадамд амжилттай оролцож, Польш Улсын Варшав хотноо 1985 онд болсон Ардын урлагийн их наадамд оролцон дэлхийн 35 орны 180 уран бүтээлчдээс 2-р байр, ЗХУ-д болсон Ардын урлагийн их наадмын тэргүүн байр, 1971 онд Монгол Улсад анх удаа зохиогдсон Зөвлөлтийн дуу дуулаачдын улсын уралдаанд “Тэргүүн” байр, Орос зөвлөлтийн дуу дуулаачдын уралдаанд 5 жил дараалан оролцож 1, 2-р байр тогтмол эзэлж байсан төдийгүй ЗХУ, Польш, ХБНГУ, Чех зэрэг улсуудад хийсэн монгол уран бүтээлчдийн айлчлан тоглолтод оролцож байсан дэлхийн хэмжээний дуучин байв.

Ц.Шархүү нь ямагт уран бүтээлийн эрэл хайгуул хийн урын сангаа тогтмол баяжуулж байдаг уран бүтээлч байлаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тоглолтоор явж байх үедээ нутгийн өвгөн Ханд гуайгаас “Хаган Чингис” хэмээх дууг олж, Чингис хааны тухай дууг анх дуулж олны хүртээл болгосон гавьяатай хүн билээ. ардын болон зохиолын дуу дуулахын зэрэгцээ олон дууны шүлэгт ая зохиож, дууны урын санд их хувь нэмэр оруулсан бөгөөд Ж.Бадраагийн шүлэг “Их наадмын дуу”, Ш.Дулмаагийн шүлэг “Хорвоогийн жаргал”, Л.Банзрагчийн шүлэг “Бүсгүй хүнийг хайрлаж яваарай”, Н.Сүхдоржийн шүлэг “Анхны цас”, “Вальс” зэрэг дуунуудад ая зохиосон нь олны хүртээл болж радиогийн алтан фондод бичигдсэн юм.

Ц.Шархүү нь өөрийн уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг МУГЖ П.Оюуны хамт 1982 онд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгад, 1986, 1990 онуудад Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан дуучин байсан бөгөөд мэргэжлийн дуучдын улсын Анхдугаар уралдаанд 3-р байр, Андреевийн хөгжим “Алтан дэлхийн жам ёсоор" дуугаараа 1985 онд “Оны шилдэг уран бүтээлч”-ээр шалгарч “Гран При“ шагнал хүртэж, “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд Балган ноёны дүрээр 2 удаа оролцож 2, 3-р байр эзэлж байв.

Тэрээр урлагийн салбарт өндөр амжилт үзүүлээд зогсохгүй Снукер биллиардын спортоор хичээллэж, 2004, 2005, 2012 оны ахмадын Снукер биллиардын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлж, улсын аварга болж байсан спортын мастер зэрэгтэй тамирчин байв.

Түүний Монголын урлаг, спортын салбарт гаргасан хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж: 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, 1972 онд Засгийн газрын хүндэт жуух, 2012 онд Снукер биллиардын спортын мастер, 1976 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1980 онд “Алтан гадас” одон, 1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, 2006 онд ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, 2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнаж байжээ. Түүний Монголын Соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг бид үүрд санан дурсах болно.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Бусадтай хуваалцах