| | | |
Мэдээ

САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН: ҮНДЭСНИЙ УРЛАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ТАТАХ ГОЛ ХӨШҮҮРЭГ БОЛОХЫГ ОНЦЛОВ

2026-06-09 30

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Үндэсний урлагийн их театрын (ҮУИТ) удирдлага, уран бүтээлчидтэй уулзаж, байгууллагын хэтийн төлөв, салбарын бодлого болон нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

ҮУИТ нь 76 жилийн түүхэнд үндэсний язгуур урлаг, соёлын өвийг хадгалан хамгаалж, тив дэлхийд сурталчлан "ардын дипломат"-ын үүрэг гүйцэтгэж ирсэн ууган байгууллага юм.


Уулзалтын үеэр уран бүтээлчдийн нийгмийн хамгаалал, гоцлол болон олны хэсгийн бүжигчдийн тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх талаар ярилцлаа. Театрын удирдлагууд хөгжмийн зэмсгийн шинэчлэлийн хүрээнд "Их бүрээ" хэрэгцээтэй байгааг танилцуулсныг Сайдын зүгээс анхааралдаа авч, холбогдох санхүүжилтийг энэ оны төсвийн тодотголд тусгаж шийдвэрлэхээ илэрхийллээ.


Аялал жуулчлалыг татах гол хөшүүрэг нь үндэсний урлаг, соёлын өв тул гадаадын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход тус театрын үүрэг чухал байгааг онцоллоо. Энэ хүрээнд 2027 онд залуучуудыг үндэсний урлагаар дамжуулан соён гэгээрүүлж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, Монголын соёлыг олон улсад таниулах цогц бодлого баримтлан ажиллахаа салбарын яамнаас мэдэгдлээ.

Бусадтай хуваалцах