| | | |
Мэдээ

“ULAANBAATAR PHOTO WEEK 2023" ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-17 285

“Ulaanbaatar photo week 2023" буюу Монголын гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээ Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд амжилтай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү үзэсгэлэнд нийт 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчдын бүтээлийг толилуулсан бөгөөд Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготойгоор зохион байгууллаа.

Арга хэмжээнд “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын  нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг сан”, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо.

Мөн монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал,  дрон, гар утасны зураг авалт, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг, мөн гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдээр эрдэм шинжилгээний хурал, 15 удаагийн сургалт зохион байгуулж нийт 5000 гаруй үзэгчдийн хүртээлд хүрсэн байна.

Бусадтай хуваалцах