| | | |
Мэдээ

МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

2025-11-13 297

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”,  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ | PDF to Flipbook

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам үндэсний 9, салбарын 13, төсвийн ерөнхийлөн захирагчийн 7, хөтөлбөрийн 14 үр дүнг нийлүүлэхэд үндсэн болон хамтран хариуцагчаар үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа. Тухайлбал:

  • Иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх;

  • Эрүүл, зөв амьдралын хэв маягийг дэмжиж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх дадалтай хүн амыг нэмэгдүүлэн, хүн амын бие бялдрын хөгжлийн түвшний үзүүлэлтийг  81 хувьд хүргэх;

  • Залуучуудын нийгмийн идэвх, санаачилга, хамтын ажиллагаа, оролцоог дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн залуучуудын хөгжлийн индексийг 5 байраар урагшлуулах;

  • Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн тогтвортой өсөлт, зэрэглэлтэй байршуулах үйлчилгээний газрыг дэмжиж, салбарын орлогыг нэмэгдүүлэн аялал жуулчлалын хөгжлийн индексийг 20 байраар урагшлуулах.

Бусадтай хуваалцах