| | | |
Мэдээ

ДЭЛХИЙН ДИФЛИМПЫН ЗУНЫ XXV НААДАМД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ 14 ТАМИРЧИН ОРОЛЦОНО

2025-11-14 138

Япон Улсын Токио хотноо 2025 оны 11 дүгээр сарын 15–26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн Дифлимпын зуны XXV наадамд 81 орчим орны 3,200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, буудлага, хөнгөн атлетик, ширээний теннисний 6 төрөлд нийт 14 тамирчин, багш, дасгалжуулагч, албаны төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Өчигдөр (2025.11.13) Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам баг тамирчид болон албаны төлөөллийг хүлээн авч уулзан, Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот тугаа олонтоо мандуулахыг хүсэн ерөөв.

Монгол Улсын баг тамирчид өмнө нь Дифлимпын наадамд 8 удаа оролцож, 2 алт, 6 мөнгө, 4 хүрэл нийт 12 медаль хүртэж байсан амжилттай. Энэ удаагийн наадамд Монголын 23 хөгжөөн дэмжигч албан ёсоор оролцоно.

Дифлимпын наадам бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн итгэл, урам зоригийг бадрааж, өөртөө итгэх боломжийг олгохын зэрэгцээ тэдний хэл, соёл, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах чухал арга хэмжээ юм.

Энэхүү наадмын түүхийг сөхвөл, 1924 онд Францын Парис хотноо “International Silent Games” нэрээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын наадам зохион байгуулагдаж байжээ. Харин өвлийн Дифлимпын наадам 1949 оноос эхэлсэн. Дифлимпэд оролцохын тулд тамирчдын сонсгол дор хаяж 55 дБ-ээр буурсан байх шаардлагатай ба тэгш нөхцөлийг хангах үүднээс сонсголын аппарат ашиглахыг хориглодог. Спорт бүр өөрийн онцгой зохицуулалттай. Жишээлбэл, хөлбөмбөгийн тэмцээнд шүгэл үлээхийн оронд дарцаг өргөдөг, хөнгөн атлетикт гарааны дохиог гар буу бус гэрэл гялбуулж өгдөг.

Бусадтай хуваалцах