| | | |
Мэдээ

ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ПАВИЛЬОН ХААЛТАА ХИЙЛЭЭ

2026-11-20 112

Бүгд Найрамдах Итали Улсын Венец хотноо болсон Венецийн олон улсын дүрслэх урлагийн 61 дэх удаагийн Биеннальд Монгол Улс “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” сэдэвт үндэсний павильоноор оролцож, 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийсэн. Монголын орчин үеийн урлагийн бүтээлүүдийг толилуулж, үндэсний уран бүтээлчдийн сэтгэлгээ, үзэл санааг олон улсын үзэгчдэд зургаан сарын турш хүргэсэн павильон 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор хаалтаа хийлээ.

​Хаалтын арга хэмжээний хүрээнд “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” сэдвийн үзэл санаа, судалгаа, академик агуулгыг өргөжүүлэх, урлаг болон эрдэм шинжилгээний уялдааг гүнзгийрүүлэх зорилготой “Art Across Borders: Entangled Futures, Connected Pasts” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлыг павильоны ерөнхий куратор, Монгол Улсын Соёлын элч, доктор Ц.Уранчимэг Венецийн Ка’Фоскари их сургуультай хамтран, АНУ-ын Индианагийн их сургуулийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн бөгөөд нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

​Монгол Улс Венецийн Биеннальд үндэсний павильоноор оролцсоноор орчин үеийн дүрслэх урлаг, уран бүтээлчдийн үзэл санааг олон улсын тавцанд хүргэхийн зэрэгцээ үндэсний соёлын онцлог, бүтээлч үйлдвэрлэлийн чадавхыг сурталчлан таниулах боломж бүрдэв.

​Үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг хослуулсан уг арга хэмжээ нь Монгол Улсын соёлын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид, судлаачдын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Бусадтай хуваалцах