| | | |
Мэдээ

“ИХ МОНГОЛ УЛС 820 ба МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН СУДЛАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-11-27 110

Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын нууц товчоо судлалын олон улсын академи хамтран “Их Монгол Улс 820 ба Монголын нууц товчоон судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Монголын нууц товчоон бол монголчуудын түүх, хэл, соёл, оюун санааны өвийг цогцоор нь илэрхийлсэн хүн төрөлхтний соёлын хосгүй бүтээл билээ. Энэхүү бүтээл нь монголчуудын төр улсаа байгуулсан түүхийг өгүүлээд зогсохгүй, өвөг дээдсийн маань ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, ёс суртахуун, монгол сэтгэлгээний онцлогийг өнөө цагт уламжлуулан хүргэсэн үнэт эх сурвалж юм.

Эрдэм шинжилгээний хуралд үндсэн илтгэлийг доктор (Sc.D), профессор Б.Сумьяабаатар “Төвөдийн номын сангаас олдсон Монголын нууц товчооныг Лу.Алтан товчтой харьцуулан судалсан нь” сэдвээр, академич Л.Болд “Монголын нууц товчоон судлалын зарим асуудал” сэдвээр, доктор (Ph.D), профессор А.Пунсаг “Монголын нууц товчоон ба Өгэдэй хаан” сэдвээр тус тус хэлэлцүүлэв.

Тус хуралд Монгол, АНУ, БНКУ, БНХАУ, ОХУ, Япон улсын нийт 30 эрдэмтэн оролцож, “Монголын нууц товчоон судлал”-аар хийсэн шинэ судалгаагаа танилцуулсан түүнчлэн МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Э.Пүрэвжав агсны “Монголын нууц товчоон”-ы цуглуулгын дээжээс түүний охин П.Соёлмаа үзэсгэлэн дэлгэлээ.

Бусадтай хуваалцах