| | | |
Мэдээ

МОНГОЛ УЛСЫН “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025-11-26 162

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон “Монголын Залуучуудын Холбоо” ТББ хамтран Монгол Улсын “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулж, 871 орчим сурагчид оролцон иргэний андгай тангараг өргөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нар 15 хүүхдэд иргэний үнэмлэх, батламжийг Төрийн ордны тайзнаа ёслол төгөлдөр гардуулав.

Монгол Улсын нийт хүн амын 28.6 хувийг 15–34 насны залуучууд эзэлдэг ба 2025 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч байгаа 63,137 залуучууд байна. “Иргэний Андгай өргөх ёслол” -ын үйл ажиллагаа нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг тэртээ 2002 оноос эхлэн Монголын Залуучуудын Холбоо төрийн бус байгууллагын санаачилгаар залуучуудын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран жил бүрийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

Бусадтай хуваалцах