| | | |
Мэдээ

СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-11-25 59

Соёлын өвийг хадгалан хамгаалах, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар, Гаалийн газар, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, байгаль орчны байцаагчид, Хамрын хийд, Их нартын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон соёлын салбарын албан хаагчид оролцов.

Сургалтын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны төлөөлөл холбогдох чиглэлээр илтгэл тавьж, мэргэжлийн мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгээр соёлын өвийн хамгаалалтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.

Бусадтай хуваалцах