| | | |
Мэдээ

ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН 64 ДҮГЭЭР УЛИРЛЫН НЭЭЛТ “РОМЕО ЖУЛЬЕТТА” БАЛЕТААР ЭХЭЛЛЭЭ

2026-11-07 65

​Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 64 дэх улирлын нээлтээ алдарт “Ромео, Жульетта” балетаар эхлүүллээ. Хайр дурлал, гэр бүлийн зөрчил, хувь заяа, үзэн ядалтын эмгэнэлт үр дагаврыг бүжгийн хэлээр илэрхийлдэг уг бүтээл нь уран зохиол, хөгжим, найруулга, бүжгийн томоохон цогц бүтээлд тооцогддог дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг юм.

Энэхүү бүтээл нь Уильям Шекспирийн ижил нэртэй эмгэнэлт жүжгээс сэдэвлэн туурвисан бөгөөд хөгжмийг Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев зохиожээ.

​“Ромео, Жульетта” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн нь сонгодог урлагийн салбарт төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн чухал алхам боллоо.

​Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр нь 1963 онд байгуулагдсан Монголын сонгодог урлагийн ууган театруудын нэг бөгөөд одоогоор театрын барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байгаа хэдий ч тус театр үзэгчдэд урлагийн боловсрол олгох, сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бусадтай хуваалцах