| | | |
Мэдээ

“АЙТИЭМ МОНГОЛИА 2026” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ

2026-10-23 147

Улаанбаатар хотноо Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газраас дэмжин Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулж буй “Айтиэм монголиа 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ.

Аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, 21 аймаг, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч, худалдан авагч, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллага, технологийн компани, хэвлэл мэдээлэл, контент бүтээгчдийг нэгтгэдэг тус арга хэмжээ 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь салбарын хөгжлийн чиг хандлага, инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, борлуулалт нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, олон улсын сайн туршлага, шийдлийг хуваалцах зорилготой.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн үзэсгэлэнд гадаадын улс орнуудын төлөөлөл, олон улсын байгууллагуудын оролцоо өргөжиж, олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл хөгжүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Энэтхэг, Япон, Малайз, Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр оролцож байна.

ОХУ-ын Буриад Улс, Эрхүү хотын байгууллагууд Байгаль нуурын бүс нутгийн аялал, байгаль, соёлд түшиглэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бол бусад улсын төлөөлөл аяллын үйлчилгээ, эрүүл мэндийн болон тансаг зэрэглэлийн аялал, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг сурталчилж байна. Түүнчлэн БНХАУ-ын Өвөр Монголын хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, аялал жуулчлалын компаниуд оролцож, бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн түншлэл, мэдээлэл сурталчилгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээж байна.

Мөн дотоодын аялал жуулчлалын байгууллагуудыг олон улсын зах зээлтэй холбож, шинэ түншлэл тогтоох, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээлд сурталчлах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын нэгдсэн платформ болон хөгжиж байна.

Энэхүү арга хэмжээний түнш аймгаар Дундговь аймаг оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарлалаа. Говийн байгаль, нүүдэлчин соёл, уламжлал, түүхэн дурсгалт газруудаараа онцлог тус аймаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ маршрут, аяллын боломжуудаа танилцуулж байна.

“Айтиэм монголиа 2026” олон улсын үзэсгэлэн нь 2026 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Бусадтай хуваалцах