| | | |
Мэдээ

“ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН БЕРЛИН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-10-21 31

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын Музейн арал дахь Жеймс Симоны галерейд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар оролцов.

Тус үзэсгэлэнг ХБНГУ-ын Пруссын соёлын өвийн сангийн харьяа Берлиний улсын музейн Өвөг ба эртний түүхийн музей, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Хархорин музейн сан хөмрөгөөс нийт 271 дэсийн 510 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэн толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын түүх, соёл, нүүдэлчдийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах, дэлхийн түүхэнд Монголчуудын оруулсан хувь нэмрийг өргөн хүрээнд танилцуулах чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол, Германы соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-ээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Бусадтай хуваалцах