| | | |
Мэдээ

САЛБАРЫН САЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООДТОЙ УУЛЗАЖ, ЦААШДЫН БОДЛОГОО ТАНИЛЦУУЛЛАА

2026-10-09 167

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоод болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, төслийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, санал солилцлоо.

Монгол Улсад хүрэлцэн ирэх гадаад жуулчдын тоо, салбарын орлого өсөж байгааг уулзалтын үеэр онцолсон бөгөөд Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд дараах үндсэн чиглэлд анхаарч байна. Үүнд:

Санхүүгийн дэмжлэг, зээлийн бодлого: Салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олголт болон хүүгийн татаасыг үе шаттай шийдвэрлэнэ. Цаашид орон нутаг дахь хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг хязгаарлах, хөрөнгө оруулалтыг тулгамдсан асуудалд чиглүүлэх зорилгоор зээл олголтын механизмыг оновчтой, шинэ загварт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хууль эрх зүй, стандартын шинэчлэл: Аялал жуулчлалын бүсийн менежмент, өвлийн болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө, эрсдэлийн удирдлага, арга хэмжээний цаглавар, даатгалын журам, үйлчилгээний байгууллагуудын стандартыг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

Олон улсын төсөл, хөтөлбөр: Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, КОЙКА, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагатай хамтран дэд бүтэц, бүсийн төлөвлөлт, хүний нөөцийг чадавхжуулах, цахим шилжилтийн төслүүдийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын аялал жуулчлалын порталыг хөгжүүлэх” төслийг танилцуулав. Мөн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зээлийн зориулалтад хяналт тавих чиг үүрэг бүхий "Аялал жуулчлалын бодлогын зөвлөл"-ийг мэргэжлийн холбоодын оролцоотой байгуулах саналыг хэлэлцлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарынхантайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Бусадтай хуваалцах