| | | |
Мэдээ

АЗИЙН XX НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2026-09-21 108

Япон Улсад болж буй Азийн XX наадмын тэмцээний эхний өдөр Монголын тамирчдын салхийг хагалан хүрэл медалийг уралдааны дугуйны тамирчин, ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүртлээ.

Тэрээр 8 км зайг 4 удаа тойрох цуваа гараатай уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд 18 орны тамирчдаас шалгарч 3 дугаар байрт орлоо.

С.Жамбалжамц нь Азийн наадмын чансаагаар 2 дугаарт эрэмбэлэгдэж, сүүлээсээ хоёрдугаарт гараанаас гарч уралдан, Айчи мужийн Шинширо уулын хэсэгт орших засмал замын 32 км-ийн зайд доорх амжилтыг үзүүлэв.

🥇 Алт: Алексей Луценко 🇰🇿 41:24.05

🥈 Мөнгө: Имамура Шүнсүкэ 🇯🇵 42:58.04

🥉 Хүрэл: С.Жамбалжамц 🇲🇳 42:58.06

Тэрээр энэ тэмцээний мөнгөн медаль хүртсэн, “Ханжоу–2022” Азийн наадмын аварга, Японы дугуйчин Имамура Шүнсүкэгээс 02 долийн хугацаа дутсан юм. Харин түрүү байр эзэлсэн Казахстаны тамирчин Алексей Луценко нь Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга, мэргэжлийн дугуйн “Астана” багийн гишүүн, шилдэг дугуйчин юм.

Энэ жил 30 нас хүрч буй С.Жамбалжамц нь Испанийн мэргэжлийн дугуйн Burgos BH багийн тамирчин бөгөөд Азийн наадмаас 2022 онд хүрэл медаль хүртэж байв. Тэрээр 09 дүгээр сарын 23-нд болох бөөн гараатай дугуйн тэмцээний замд уралдана.

Бусадтай хуваалцах