| | | |
Мэдээ

ЭРХЭМ ХҮНДЭТ СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ, УРАН БҮТЭЭЛЧ, ЭРДЭМТЭН СУДЛААЧ, ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2026-09-11 237

Ард түмэндээ аз жаргал түгээн, үндэсний үнэт зүйл, соёлын өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд авьяас билэг, оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж байгаа соёл урлагийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” -ийн баярын мэнд хүргэе.

Энэ жил соёл, урлагийн салбарын албан хаагчид өмнөх жилүүдээс илүү их ачаалалтай ажиллаж, Монголын Үндэсний Их баяр наадам, Дэлхийн адууны өдөр, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын соёл, урлагийн арга хэмжээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалуудын соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж, Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэн Монгол Улсаа дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласанд талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёлын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх бодитой ажлуудыг хийж байгаа ба салбарын яамнаас соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын ажил хөдөлмөрийн онцлог, мэргэжлийн үнэ цэнэ, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох чиглэлээр судалгаа, тооцоолол, санал, үндэслэлийг боловсруулж, 2026 оны төсвийн тодотголын төсөлд соёл, урлагийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг 11 дүгээр сараас эхлэн 50 хувь нэмэгдүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөж, энэ жилийн “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” -ийг ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ, БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ-ийг УРИАЛЖ БАЙНА.

Хүндэтгэсэн,

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН

“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”- ИЙГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ, БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ УРИАЛГА

“Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан соёлын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллага, мэргэжлийн холбоод, уран бүтээлчид, бүтээн туурвигчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим сайтууд, иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийг дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ҮНЭ ЦЭНИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ

• Соёл, урлагийн салбарын ололт амжилт, бүтээлч үйл ажиллагаа, уран бүтээлчдийн хөдөлмөр, мэргэжлийн үнэ цэнэ, нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх;

• Салбарын үе үеийн ажилтан, уран бүтээлч, соёлын зүтгэлтнүүдийн хөдөлмөр, бүтээл туурвил, гавьяа зүтгэлийг алдаршуулж, тэдний бүтээл, өвийг хойч үед өвлүүлэн таниулах;

• Соёл, урлагийн салбарын одоо, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар мэргэжлийн эрдэмтэн, судлаач, уран бүтээлчид, залуучуудын оролцоотой хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага зохион байгуулах

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР СУРТАЛЧЛАХ

• Телевиз, радиогийн “Алтан сан”-д хадгалагдаж буй Монголын түүх, соёл, урлагийн сор бүтээлүүд, ховор нэвтрүүлэг, тоглолт, сан хөмрөгөөс сонгон үзэгч, сонсогчдын хүртээл болгох,

• Монголын үндэсний дуу хөгжим, кино, театр, тайзны урлаг, дүрслэх урлаг, уран зохиол болон бусад бүтээлийг дэлгэц, медиа орчинд дээжлэн толилуулах;

• Үе үеийн нэрт уран бүтээлч, соёлын зүтгэлтнүүдийн бүтээл туурвил, амьдралын замнал, уран бүтээлийн өв, дурсамжийг олон нийтэд таниулах тусгай нэвтрүүлэг, контент, нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэн хүргэх

ҮНДЭСНИЙ СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ

• Монголын түүх, соёлын өв, зан заншил, уламжлал, үндэсний урлагийн талаар олон нийтэд зориулсан тусгай контент, нэвтрүүлэг, нийтлэл, ярилцлага, сурвалжлага бэлтгэн хүргэх;

• Музей, номын сан, театр, соёлын төв, ордон болон бусад соёл, урлагийн байгууллагууд өөрийн сан хөмрөг, уран бүтээл, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцуулах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах;

• Монголын биет болон биет бус соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн санаачилга, аян, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

• Хүүхэд, залуучуудад зориулсан үндэсний үнэт зүйл, соёл, түүх, өв уламжлалыг таниулсан бүтээлч контент,нэвтрүүлгийг түгээн дэлгэрүүлэх;

• Залуучуудын оролцоо, авьяас ур чадвар, санал санаачилгыг дэмжиж, соёл, урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, туршлага солилцох, уран бүтээлээ хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх;

• Үндэсний урлаг, уран бүтээл, соёлын өвийг шинэ үеийн үзэгч, сонсогч, уншигчдад орчин үеийн хэлбэр, шинэ технологи, бүтээлч арга хэлбэрээр хүргэх

Бусадтай хуваалцах