| | | |
Мэдээ

МОНГОЛ, ЯПОНЫ АНИМЕЙШНИЙ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-09-11 201

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд Японы “TV Asahi” компанийн анимейшн хөгжүүлэлтийн продюсер Казүки Эндо, бизнес хөгжүүлэлтийн төлөөлөл Тацүши Ямада, “Nippon Designers School”-ийн удирдлага, мэргэжилтнүүд болон Монголын анимейшний холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл оролцов.

Талууд Монгол, Японы анимейшний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын түүх, домог, утга зохиол, нүүдлийн соёлд суурилсан бүтээлийг хамтран хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Түүнчлэн Монголын уран бүтээлч, студиудыг Японы анимейшний үйлдвэрлэл, мэргэжлийн сүлжээ, олон улсын түгээлтийн сувагтай холбох асуудлаар санал солилцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд анимейшний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, Монголын багш, оюутан, уран бүтээлчдэд зориулсан сургалт, мастер класс, менторшип, дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид Монгол агуулгатай хамтарсан пилот бүтээл хөгжүүлэх боломжийг судлахаар ярилцав.


Уулзалтын үеэр XIII зууны Монголын эзэнт гүрний түүхийг Перс охин Ситарагийн хувь заяагаар дамжуулан харуулсан “Jaadugar: A Witch in Mongolia” телевизийн анимейшнийг онцлон хэлэлцлээ. Тус бүтээлийн уран бүтээлчид Монгол Улсад судалгааны аялал хийж, музейн сан хөмрөг, нүүдлийн ахуй, соёлын орчинтой танилцан, судалгааны үр дүнгээ бүтээлдээ тусгасан байна. Уг анимейшн 2026 оны Annecy олон улсын анимейшний фестивалийн Television Films ангиллын албан ёсны сонгон шалгаруулалтад багтжээ.


Монгол Улсад анимейшн нь төрөөс дэмжих соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Кино, дуу дүрсний урлаг”, “Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт” тэргүүлэх чиглэлд хамаардаг. Иймд хамтарсан анимейшн бүтээлийн оюуны өмч, санхүүжилт, үйлдвэрлэлийн технологи, олон улсын түгээлт болон хүний нөөцийн хөгжлийг бодлого, эрх зүйн хүрээнд дэмжих боломжийг холбогдох байгууллагуудтай хамтран судлах нь чухал болохыг уулзалтын үеэр онцлов.

Цаашид Монгол агуулгатай хамтарсан бүтээлийн төсөл хөгжүүлэх, Монголын анимейшн студи, уран бүтээлчдийн портфолиог Японы талд танилцуулах, сургалт, менторшип, багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.

Японы төлөөлөгчид энэ сарын 12, 13-ны өдрүүдэд “Стэппэ Арена”-д зохион байгуулагдах гурав дахь удаагийн “Анимо” олон улсын анимейшн фестивальд оролцоно. Фестивалийн үеэр “Jaadugar: A Witch in Mongolia” бүтээлийн эхний гурван ангийг үзүүлж, продюсер Казүки Эндо бүтээлийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар панел хэлэлцүүлэгт оролцох юм.

Бусадтай хуваалцах