| | | |
Мэдээ

"ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМ" КИРГИЗ УЛСАД АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-09-01 349

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек, Чолпон-Ата хотод зохион байгуулагдаж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам"-ын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Бишкек хотын “Бишкек арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нүүдэлчдийн түүх, соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой уг наадам 6 дахь удаагаа ийнхүү анх үүсгэн байгуулагдсан эх орондоо зохион байгуулагдаж байна.

Энэ наадам нь өмнө нь Киргиз улсад гурван удаа (2014, 2016, 2018), Турк (2022), Казахстан (2024) улсад тус тус амжилттай зохион байгуулагдаж байсан түүхтэй. Наадмын үндсэн хөтөлбөр нь дараах гурван чиглэлээр явагддаг.


  • Спорт: Морин уралдаан, көк-бөрү (тулам булаалдах), уламжлалт бөх, сур харваа, ав хомрого (бүргэдийн ан), оюуны спорт зэрэг төрлүүд багтжээ.


  • Соёл урлаг: "Этно хотхон" байгуулагдаж, үндэсний гар урлал, хөгжим, бүжиг, хоол хүнсний үзэсгэлэн дэлгэгдэнэ.


  • Шинжлэх ухаан: Нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, өв уламжлалын талаарх шинжлэх ухааны хэлэлцүүлгүүд наадмын хүрээнд явагдах юм.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа дэлхийн 106 орны 2355 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн жагсаалаар эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар тус ёслолд хүндэт зочноор уригдан оролцлоо.

“Дэлхийн нүүдэлчдийн VI наадам"-ыг нээж Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров үг хэллээ. Тэрээр наадмын үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 25 жилийн ойн дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо тохиож буйг болон тус улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 35 жилийн ойг 2026 онд тэмдэглэж байгааг онцлон дурдав.

Монгол Улсын хувьд спортын 27 төрөлд өрсөлдөх 135 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид төрийн далбаагаа мандуулан жагсаж, үндэсний спорт, өв уламжлалаа сурталчлав. Манай баг тамирчдыг ССАЖЗЯ, БТСУХ, Монголын үндэсний спортын хороо болон спортын төрөлжсөн холбоод хамтран бэлтгэж, зохион байгуулан оролцуулж байна. Энэ жилийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол үндэсний бөхийн спорт албан ёсны хөтөлбөрт орсон явдал бөгөөд манай улсын төлөөлөгчид барилдааныг зохион байгуулах үйл явцад шууд оролцон, үндэсний спорт, өв уламжлалаа олон улсын тавцанд таниулан сурталчилна.

Монголын баг тамирчиддаа амжилт хүсье.

Монгол Улсын нэр дэлхийд дуурсаг.

Бусадтай хуваалцах