| | | |
Мэдээ

“ТҮМЭН ГАЗРЫН ЦАЙНЫ ЗАМ” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2025-08-29 152

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2025 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Түмэн газрын цайны зам” Монгол, Хятад, Орос гурван улсын соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг тэлэх, зах зээлийн шинэ боломжийг нээн бэхжүүлэхэд чиглэсэн Монгол-Хятадын эдийн засгийн V экспо зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд:

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, Аялал жуулчлалын танхимын дарга Жи Шяочин (Ji Xiaoqing),

  • ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев,

  • Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг,

  • Цайны замын холбооны гишүүн муж, аймаг, хотуудын төлөөллүүд, аялал жуулчлалын бизнес эрхлэгч холбоод оролцлоо. Монгол Улсаас Цайны замын холбооны гишүүн аймаг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Нийслэл Улаанбаатар хотын төлөөллүүд оролцож, Дархан-Уул аймаг гишүүн аймаг болох жагсаалтад орлоо.

Монгол Улсын талаас Цайны замын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гурван асуудлыг танилцуулж санал солилцов.

1.    Цайны замын аялал жуулчлалын брэнд аяллыг нэвтрүүлэх

2.    Цайны зам дагуух аялал жуулчлалын цогцолборыг байгуулах

3.    Цайны замын нэрэмжит авто ралли зохион байгуулах (Аuto rally)

Энэ удаагийн хурлаар цаашид гурван улсын Цайны замын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох тэр дундаа түүх археологийн судалгаа шинжилгээний аялал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудын соёл, урлаг, спортын олон талт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар хэлэлцэв.

Түүнчлэн ОХУ-ын нийслэл Москва хот, ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хот, Казакстан улсын Астана хот нийт гишүүн байгууллагуудын зуун хувийн саналаар гурван улсын Цайны замын холбоонд шинээр элсэн орж, батламжаа гардан авлаа. Мөн арга хэмжээний хүрээнд “Энх тайван, нөхөрлөл, залуучуудын Элч нар” солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй бяцхан уран бүтээлчдийн урлагийн тоглолт боллоо.

Уулзалтын үр дүнд “ТҮМЭН ГАЗРЫН ЦАЙНЫ ЗАМ”-ын талуудын аялал жуулчлалын эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд санал нэгдэв.

Бусадтай хуваалцах