| | | |
Мэдээ

“ХАДНЫ ЗУРГИЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛСАН НЬ” ЗУРАГТ НОМ СОЛОНГОС ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДЛЭЭ

2025-08-21 206

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн Соёлын Төв (ACC)-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, БНСУ-ын зураач Ли Ерин нарын хамтран бүтээсэн “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэж, нийтийн хүртээл боллоо.

Азийн Соёлын Төв (ACC)-ийн номын санд 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн бол өнөөдөр номыг бичсэн хүүхдийн зохиолч О.Сундуй, номын зураач БНСУ-ын зураач Ли Ерин нар хүүхэд, залуучуудад ном хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой ярилцлагыг Монгол Улсын Үндэсний номын сангийн “Гэр бүлийн танхим”-д өрнүүллээ.

Уулзалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 болон 47 дугаар сургуулийн сурагчид оролцсон ба номын дээжээс Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад хандивлалаа.

Түүнчлэн тус номын агуулгаар Чингис хаан Үндэсний музейд дижитал интерактив проекц байрлуулсан ба хүүхдүүд өөрсдийн гараар хадны зураг зурж, сканердуулснаар тэдний зурсан дүрүүд интерактив проекц дээр хөдөлгөөнтэй болж гарч ирдэг ба түүнийг шууд дэлгэц дээр амилуулан харж, үлгэр туульсын ертөнцөд нэвтрэн орж, гайхалтай аяллыг өөрийн бие, билиг оюунаараа мэдрэх боломжтой юм.

Өөрсдийн танин мэдсэн зүйлээ зурж, үлгэр туульсын ертөнцөөр аялах хүсэл сонирхолтой хүүхэд багачууд та бүхнийг 2025 оны 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд байрлах “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” соёлын боловсролын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Бусадтай хуваалцах