| | | |
Мэдээ

“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2025-10-11 316

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөнийг 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир, спортын төрийн байгууллагын 650, яам, агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 100 төлөөлөгчдийг хамруулан Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. (2025.10.11)

Улсын зөвлөгөөний хүрээнд 3 салбар хуралдаан болж, 13 илтгэл танилцуулж, биеийн тамир, спортын салбарын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, 6 чиглэлд асуудлыг дэвшүүлэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Сангийн яам, Боловсролын яамны удирдлага, ажилтан, албан хаагчид, иргэний нийгмийн байгуулагуудад хандан дараах биеийн тамир, спортын хөгжлийн үндэсний зөвлөмжийг гаргав.

  1. БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ТАЛААР

    • Биеийн тамир, спортын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг улам бүр боловсронгуй болгох

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тодорхой асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх

    • Шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, судалгаа явуулах, санал авах, хэрэгжилтийг хангах

    • БТС-ын төрийн болон ТББ-ын илт тод байдал, засаглалыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх

    • Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1 хувийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг эрчимжүүлэх

    • Спортын байгууламжуудын бүртгэлийг улсын хэмжээнд явуулах, үл хөдлөх, газар эзэмших зэрэг татвараас чөлөөлөх

    • Гадаадын легионер тамирчин, дасгалжуулагч, боловсон хүчинг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах

    • “Цахимаас салж, спортоор хичээллэцгээе” уриалгыг гаргаж ажиллах

  2. БИЕИЙН ТАМИРЫН ХӨГЖИЛТЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

    • Хүн амын бие бялдрын сорилыг зохион байгуулах сорилын төвүүдийг байгуулах

    • Тухайн насанд тохирсон спортын ангилал, тогтоон, сорилыг жил бүр авч байхаар шийдвэр гаргах

    • Сургуулийн өмнөх нас, ЕБС, ИДС-ийн хүүхэд, сурагчид, оюутны бие бялдрын хүмүүжлийн ажлыг сайжруулах, дэмжих

    • Хүүхэд, залуучуудын дунд эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дэмжих үйл ажиллагаа, спортын боловсрол олгох, спортыг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн сурталчилгааг үе шаттай, эрчимтэй зохион байгуулах

  3. СПОРТЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ

    • Спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх, дэд бүтцийг төлөвлөх, спортын кластерыг бий болгох

    • Үндэсний шигшээ багийн тамирчдын байнгын бэлтгэл сургалтыг сайжруулах

    • Багийн спортыг хөгжүүлэн олон зуун хүүхдийг хамруулах олон нийтийн арга хэмжээг улс даяар явуулахыг дэмжих, урт ба богино хугацааны хөтөлбөр гаргах, жил бүр тодорхой зардлыг зөвхөн багийн спортын төрлүүдэд зарж байх

    • Спортоор дамжуулан хүүхэд залуусын боловсрол, төлөвшилд зориулсан олон нийтийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах

    • Тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийн төрөл бүрийн сургалт зохион байгуулах, ном гарын авлага гаргахад дэмжлэг үзүүлэх

    • Үндэсний спорт нь тухайн улсын соёлын өв, үнэт зүйл, хүмүүжил төлөвшлийн чухал хэрэглүүр,  хүний ур чадвар, авъяасын хөгжлийн илэрхийлэл тул байнга дэмжин хөгжүүлэх бодлого баримтлах

    • Бүх шатны сургалт, дасгалжуулалтын ажилд үндэсний спортын хичээл, арга зүйг төлөвлөн, зохион байгуулах

  4. СПОРТЫН ДЭД БҮТЭЦ, МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ САЙЖРУУЛАХ

    • Улсын төсвийн, олон нийт, аж ахуйн нэгж, гадаадын зээл тусамжаар хүн ам ялангуяа хүүхэд, оюутан залуучуудад зориулсан спортын барилга байгууламж барихыг бүх талаар дэмжих

    • Эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих

    • Улаанбаатар хотод олон улсын наадам хүлээн авах, үндэсний баяр наадам тэмдэглэх цэнгэлдэх хүрээлэн, олимпын стандартын усан бассейн барих ажлыг эхлүүлэх

    • Гадаадаас, олон улсын байгууллагаас оруулж ирж байгаа спортын хэрэглэл, материалд НӨАТ-аас тодорхой хувиар чөлөөлөх

    • Спортын клуб, фитнесс төвүүдийн байрны түрээсийн төлбөрт төрөөс хөнгөлөлт үзүүлэх, татварын бодлогоор дэмжих

    • Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлах

    • Спортын барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах

  5. БОЛОВСОН ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭЛТГЭХ

    • Салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, мэргэжил дээшлүүлэх

    • Нийгэмд хэрэгцээ шаардлага, эрэлт ихтэй байгаа бодибилдинг фитнесс, усан спорт, багийн спорт, спортын төрөл бүрийн нарийн мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх

    • Спортын анагаах ухаан, сэтгүүл зүй, найруулагч, тайлбарлагч, эрдэм шинжилгээний нарийн мэргэжилтэн бэлтгэн, сургах

    • Төрийн өмчийн биеийн тамир, спортын их сургуультай болох

    • ЕБС, ИДС-ийн биеийн тамирын багш нарт секц, дугуйлангийн цагийн хөлсийг бодож олгодог болох

    • Хүний нөөцийг сонгон шалгаруулах, байршуулах, чадавхжуулах, эрдэмжүүлэх, урамшуулах ажлыг шударга, ил тод, оновчтой зохион байгуулах

  6. ОЛОН УЛСЫН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ

    • Монгол Улсад “Залуучуудын олимпын наадам”-ыг 2030 онд зохион байгуулах, бэлтгэлийг хангах, хүүхдийн спортыг дэмжин ажиллах

“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”- Д ОРОЛЦОГЧИД

Бусадтай хуваалцах