| | | |
Мэдээ

“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” МОНГОЛ УЛС ДАХЬ АЯЛЛАА ДУНДГОВЬ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-08-10 72

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” олон улсын төлөөлөгчид Монгол Улс дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүлж, малчдын уламжлалт өв соёл, амьдралын хэв маягтай биечлэн танилцлаа. Аялал энэ сарын 9-14-ний өдрүүдэд таван аймгийн нутгаар 1,500 гаруй км зам туулах юм.

Төлөөлөгчдийг Дундговь аймгийн удирдлагууд хүлээн авч, орон нутагт тулгараад буй бэлчээрийн доройтлын нөхцөл байдлыг танилцуулж, улмаар аймгийн Эрдэнэдалай сумын аварга малчин Д.Мөнхбаатарын өрхөөр зочилж, говийн малчдын өдөр тутмын амьдрал, цагаан идээ боловсруулах техник болон ботгоо голсон ингэний ботгыг авахуулах уламжлалт “Ингэ хөөслөх” зан үйлтэй танилцлаа.


Энэ үеэр олон улсын төлөөлөгчид малчидтай уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалтын талаар туршлага солилцов. Уганда улсын "Rangeland Community Initiative" байгууллагын төлөөлөгч Лупа Пиус (Loupa Pius) хоёр тивийн малчдад тулгарч буй сорилт ижил байгааг онцлоод: "Бид бүгд уур амьсгалын өөрчлөлт, удаан хугацааны ган гачигтай нүүр тулж байна, Монгол Улсын малчдын байгаль дэлхийтэйгээ харьцах уламжлалт мэдлэг, ахмад үеэсээ туршлага өвлүүлдэг тогтолцоо нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Дараагийн 50 жилд бид мал аж ахуйн салбартаа хэрхэн дасан зохицож байгааг бид Монгол Улсын малчдаас суралцах хэрэгтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Ийнхүү олон улсын багийн Монгол Улс дахь аяллын эхний өдөр малчин өрхийн амьдралд биечлэн оролцох, талууд мэдлэг, туршлага солилцох хөтөлбөрөөр амжилттай үргэлжиллээ.

Бусадтай хуваалцах