| | | |
Мэдээ

ЗҮҮН АЗИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2026-08-05 45

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 77 дугаар тогтоолын дагуу Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн Улаанбаатар хотын "Аса Арена"-д 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд болж байна. Улсын Их Хурлын даргын ивээл дор явагдаж буй тус тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Биеийн тамир, спортын улсын хороо дэмжиж, Монголын волейболын холбоо зохион байгуулж байна.

​Нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, тамирчдад амжилт хүслээ. Энэ удаагийн тэмцээнд бүс нутгийн шилдэг долоон шигшээ баг болох БНСУ, БНХАУ, Монгол, БНХАУ-ын Макао болон Хонгконг, Хятадын Тайвань, Япон улсын багууд өрсөлдөж, 8 дугаар сарын 9-нд аваргаа тодруулна.


Анх 1998 онд Макаод зохиогдсон тус тэмцээн 2 жил тутамд болдог. Монгол Улс өмнө нь 4 удаа (2000, 2008, 2015, 2017 онд) зохион байгуулж байсан. Манай шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, 2015, 2017 онуудад шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байв.


​Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж буй энэхүү тэмцээн нь тамирчдад туршлага хуримтлуулж, олон улсын чансааны оноогоо ахиулах боломж олгохын зэрэгцээ спортыг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

​Монголын багийн эхний тоглолт 8 дугаар сарын 5-ны 19:30 цагт Хонгконгийн эсрэг болох бөгөөд "PSN" телевиз шууд дамжуулна.

​Монголын эрэгтэй волейболын шигшээ багийн тамирчиддаа өндөр амжилт хүсье.

Бусадтай хуваалцах