| | | |
Мэдээ

ОРОН НУТГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРУУДАД ШИНЭ ДУНД ОВРЫН АВТОБУС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2026-07-31 245

“Монголын үндэсний спортын зуны VIII наадам”-ын нээлтийн ажиллагааны үеэр орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчлэх хүрээнд найман аймагт шинэ дунд оврын автобус гардуулан өглөө.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын “Nissan” компанийн үйлдвэрлэсэн 16 хүний суудалтай “Nissan Caravan NV350” загварын дунд оврын автобусны түлхүүрийг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагуудад гардууллаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагад дунд оврын автобусыг үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн автомашиныг ийнхүү найман аймагт хуваарилан олгож байна.

Сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд, залуус багаараа тэмцээн, наадамд оролцох нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор тамирчдын аюулгүй, найдвартай тээвэрлэлт, хүүхэд хамгааллын шаардлагыг хангах асуудал улам чухлаар тавигдах болсон.

Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчилснээр тамирчдыг бэлтгэл сургуулилалт, дотоод, гадаадын тэмцээн, наадамд аюулгүй, тав тухтай зорчуулах, оролцооны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн спортын хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам төслийн дараагийн шатны автомашинуудыг бусад аймаг, дүүрэгт 2026 оны 8-р сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Монголын тамирчид эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, улам олон бахдам амжилтын эзэд болох болтугай. Алтан шар зам нь өлзийтэй байг.

Бусадтай хуваалцах