| | | |
Мэдээ

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

2026-07-29 144

Монголчуудын өнө эртний түүх, соёлын өвийг тээж ирсэн уламжлалт спорт, тоглоом наадгайг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний спортын VIII наадам” өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын анхан шатны тэмцээнүүд өнгөрсөн хавар орон даяар явагдаж, шилдэг тамирчдаа шалгаруулсан билээ. Шалгарсан тамирчид 2026 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т хурд хүч, авхаалж самбаагаа сорьж эхэллээ.


Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 30 байгууллагын 1,672 тамирчин (1,282 эрэгтэй, 390 эмэгтэй) үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөнө. Наадмын үйл ажиллагаанд 111 дасгалжуулагч болон албаны төлөөлөл, 125 шүүгч, 35 зохион байгуулагч, 55 хүндэт зочин зэрэг нийт 2,026 хүн ажиллаж байна.


Наадмаар дараах үндэсний спортын 12 төрлөөр аваргуудыг тодруулна:

  • Үндэсний бөхийн барилдаан

  • Үндэсний сурын харваа

  • Үндэсний шагай

  • Үндэсний хурдан морины уралдаан

  • Урианхай сурын харваа

  • Уламжлалт сурын харваа

  • Ширээний шагайн спорт

  • Жороо морины уралдаан

  • Морин дээрх барилдаан

  • Морьт сурын харваа

  • Адуучин тэмцээн

  • Буриад сурын харваа

Монголын Үндэсний спортын VIII наадмын нээлтийн албан ёсны үйл ажиллагаа маргааш буюу 2026 оны 07 дугаар сарын 30-ны пүрэв гарагт 11:00–13:00 цагийн хооронд “Хүй долоон худаг”-ийн төв талбайд болно.

Ёслолын ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон УИХ, Засгийн газрын гишүүд, гадаадын Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид, баг тамирчдаа оролцуулж буй аймаг, дүүргийн ИТХ, ЗДТГ, Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний спортын хороо, үндэсний спортын 12 төрлийн холбоодын удирдлагууд оролцоно.

Дашрамд дурдахад, энэхүү наадмын өвлийн спортын төрлүүдийн тэмцээн нь 2026 оны 01 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.

Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Бусадтай хуваалцах