| | | |
Мэдээ

ТАЖИКИСТАНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УЛААНБААТАРЫН ТАЙЗНАА ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ТОЛИЛУУЛЛАА

2026-07-20 130

​Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд “Тажикистаны соёлын өдөр” 2026 оны 07 дугаар сарын 20-нд Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг хүрэлцэн ирж, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Тажикистаны Соёлын сайд Матлубахон Сатториён болон бусад төлөөлөгчдийн хамт уран зургийн үзэсгэлэнг сонирхов.

Тус үзэсгэлэнд Тажикистаны уран бүтээлчдийн дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн 32 шилдэг бүтээлийг дэлгэжээ.


Хүндэтгэлийн тоглолтыг нээж хоёр улсын Соёлын сайд нар үг хэлэв. Сайд Ж.Алдаржавхлан соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг бататгаж буйг онцлов. Харин Сайд Матлубахон Сатториён соёл нь ард түмнийг нэгтгэх нийтлэг хэл болохыг тодотгож, Монголын өв соёлыг дэлхийн үнэт өвийн салшгүй хэсэг хэмээн тэмдэглэлээ.


​Тоглолтод Тажикистаны Улсын симфони найрал хөгжим, эстрад, үндэсний хөгжмийн болон “Зебо”, “Джахоноро” бүжгийн чуулга оролцож, 19 үзүүлбэрийг толилууллаа. Тажикистаны уран бүтээлчид үндэсний урлагаасаа гадна Монголын сор бүтээлүүдийг тайзнаа амилуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээв.

​Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, монгол хүний хийморь, цог золбоог илтгэсэн Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг удирдаач А.Ализодагийн удирдлагаар эгшиглүүлж, эх хүний ариун хайр, энэрэл нигүүлслийг магтан дуулсан “Эх үрсийн элбэрэл” дууг дуучин С.Сангинов, эх орноо хайрлан дээдлэх үзэл, үндэсний бахархлыг шингээсэн “Эх орон” дууг О.Ахадов нар тус тус дуулсан юм. Эдгээр бүтээлийг Тажикистаны уран бүтээлчид үзэгчдэд зориулан сэтгэл шингээн толилуулсан нь олны сэтгэлийг хөглөж, хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэл ямар ойр дотно болохыг харуулсан сайхан бэлгэдэл боллоо.

Бусадтай хуваалцах