| | | |
Мэдээ

МОРЬТ ХАРВААНЫ 17 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-06-26 68

"ЮНЕСКО"-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль 2025 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд 4 дэх удаагаа зохион байгуулагдана.


Фестивалийн онцлох арга хэмжээний нэг болох Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөө гарлаа. Энэ удаагийн тэмцээн Монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааснаараа онцлог юм. Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцохоос гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш тус тэмцээний эрхийг манай улсад олгосон Дэлхийн Морьт Харвааны Холбооны (WHAF) тэргүүн Ким Ён СоП болон тэмцээнийг хамтран зохион байгуулж буй Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбооны тэргүүн Н.Даваадорж, Дэлхийн аваргын зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр:

- Тэмцээний зохион байгуулалт, ач холбогдол, оролцогч орнууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

- Морьт харвааг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.

- Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хамтран хоёр орны Морин спортын төрлүүдийг хөгжүүлэхээр болов. Тус ажлын хүрээнд өсвөр үеийн тамирчдыг бэлтгэх, харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийхээр тохиролцлоо.

- “Нүүдэлчин” фестивалийн үеэр “Морин спорт-Морьт харваа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болов.

Бусадтай хуваалцах