| | | |
Мэдээ

САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН: ЗАЛУУЧУУДЫГ ҮНДЭСНИЙ УРЛАГААР ДАМЖУУЛАН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЖ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЧУХАЛ БАЙНА

2026-06-09 67

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Улсын Драмын эрдмийн театр (УДЭТ)-ын үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөтэй танилцаж, удирдлага, уран бүтээлчидтэй уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд УДЭТ-ын захирал Н.Наранбаатар театрын өдөр тутмын үйл ажиллагаа, уран бүтээлийн явц болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав. Тус театр нь түүхт 95 жилийн ой болон их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд 2026-2030 оныг "Үндэсний", "Сэдэвлэсэн", "Өрнө дахины", "Дорно дахины", "Уран сэтгэмжит" жүжгийн нэрэмжит жил болгон зарлаж, 2031 онд тохиох 100 жилийн ойн хүрээнд "Занабазар" олон улсын наадам зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Театрын хамт олон Монгол үндэстний театрын дэг сургуулийг уламжлан хөгжүүлэгч, Евроазийн нэр хүнд бүхий драмын театр байх алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна.


Театрын зүгээс театрын статусыг ахиулж нэрийг "Үндэсний Драмын эрдмийн театр" болгон өөрчлөх, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулж өрөө тасалгааг тохижуулах, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг театрын өмнөх талбайд шилжүүлэн байрлуулах, ОХУ-д болох "Александринскийн олон улсын театрын фестиваль"-д "Тэнгэрийн хүү" жүжгээр оролцох бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ наадмын нээлтийг сайдаар хийлгэх хүсэлтийг уламжиллаа.


Сайд Ж.Алдаржавхлан салбарын бодлого, цаашдын зорилтыг танилцуулахдаа "Соёл түгээх хүртээмж ба гадаад харилцаа"-ны бодлогыг анхаарч, 2027 онд залуучуудыг үндэсний урлагаар дамжуулан соён гэгээрүүлж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, түүнчлэн Монгол Улсын соёлыг олон улсад таниулах бодлого баримталж ажиллахыг чухалчлав.


Мөн салбарын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн хүрээнд тус театрын дээврийн засварын ажил эхлээд байгааг дурдаад, цаашид соёл, урлагийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгаа болон ажлын байрны нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж, яамны зүгээс анхааран ажиллахаа илэрхийллээ.

Бусадтай хуваалцах