| | | |
Мэдээ

ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВИТОЛД БАНКАТАЙ УУЛЗЛАА

2026-06-02 89

Бээжин хотноо болж буй Ази тивийн Спортын сайд нарын уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Дэлхийн допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Витолд Банкатай уулзлаа.

Ж.Алдаржавхлан сайд Монгол Улс Дэлхийн допингийн эсрэг агентлагт 2002 онд элсэн орсноос хойш “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр дотоодын болон олон улсын түвшинд анхаарал хандуулан ажиллаж буйгаа илэрхийлж, 2027 оноос хэрэгжиж эхлэх Дэлхийн допингийн эсрэг байгууллагын шинэ дүрмийг “Биеийн тамир, спортын тухай хууль”-д нэмэлтээр тусгах чиглэлээр ажиллаж буйгаа онцлов.

Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч Витолд Банка тус байгууллагын төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгааг дуулгаж, Монгол Улсын тамирчдын допингийн хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байдаг тухай баталгаат лабораторийн шинжилгээний мэдээллийг дурдаж, хамгийн их тохиолдол илэрч буй үндэсний спортын төрөлд допингийн дүрмийг хэрэгжүүлэх асуудлаар анхаарч ажиллахыг хүслээ.

Бусадтай хуваалцах