| | | |
Мэдээ

ТӨРИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "МИНИЙ МОНГОЛ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2026-05-29 246

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү ойн хүрээнд хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан “Миний Монгол” гар зургийн уралдааны шилдгүүд тодорч, шагналыг Монголын хүүхдийн урлан бүтээх төвд гардууллаа.

Р.Чойном нь зөвхөн яруу найраг төдийгүй дүрслэх урлаг, хөгжмийн салбарт өөрийн авьяас билиг, мэдрэмжээ шингээж, Монголын соёл урлагийн ертөнцөд тод мөрөө үлдээсэн эрхэм уран бүтээлч юм. Түүний уран бүтээлүүдэд эх орон, эрх чөлөө, шударга ёс, хүний мөн чанар, амьдралын утга учрын гүн ухаан өндөр түвшинд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд өнөөдөр ч уншигчдын сэтгэлд үнэ цэнээ алдалгүй оршсоор байна.


Түүний нэрэмжит тус уралдаанд нийслэлийн 8 дүүрэг, орон нутгийн 12 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 650 гаруй суралцагч авьяас билгээ сорин амжилттай оролцлоо. Шалгарсан шилдэг бүтээлүүдийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үзэсгэлэнгийн их танхимд олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүлж байна.


Уралдааны шүүгчид ирүүлсэн бүтээлүүдтэй танилцаад, оролцогчдын авьяас чадвар, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж буй зөв хандлагыг өндрөөр үнэлэв. Мөн хүүхэд, өсвөр үеийнхэн Р.Чойномын уран бүтээлтэй дотно танилцаж, утга агуулгыг нь сайтар ойлгон ухаарч буйг онцлон тэмдэглэсэн юм.

Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь Р.Чойномын оюуны өв, үзэл санаа, бүтээл туурвилын үнэ цэнийг хүндэтгэн дурсахын зэрэгцээ хүүхэд залуусын авьяас билгийг дэмжсэн, Монголын соёл урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан онцлог үйл явдал болж байна.

Хүүхэд бүхний мөрөөдөл гэрэлтэж, урлах ухаан нь улам их тэлэх болтугай.

Бусадтай хуваалцах