| | | |
Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2026-05-19 172

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр уулзлаа.

Уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан салбарын бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл, оюунаа зориулан зүтгэж буй нийт албан хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Түүнчлэн салбарын өнөөгийн бодлогын хэрэгжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөхдөө улсын хэмжээнд 486 байгууллагын 7,180 албан хаагч төрийн үйлчилгээг улс орон даяар хүргэн ажиллаж байгааг танилцуулав.


Сайд Ж.Алдаржавхлан салбарын хүрээнд хийгдэж буй дараах томоохон ажлуудыг онцлон тэмдэглэв. Үүнд:

  • Соёл, урлагийн чиглэлээр: Үндэсний язгуур урлагийн соёлыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Морин хуурын чуулга, найрал хөгжмийн тоглолтыг дэлхийн тайзнаа хүргэн, язгуур урлагийн үнэт өвийг олон улсад сурталчилж байна.

  • Үндэсний утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд: Дашдоржийн Нацагдорж, Ринчиний Чойном зэрэг нэрт зохиолчдын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг бодлогоор дэмжин ажиллаж байна.

  • Орчин үеийн урлагийг хөгжүүлэх хүрээнд: Монголын уран бүтээлчдийн олон улсын оролцоог нэмэгдүүлж, “Венецийн биенналь” зэрэг дэлхийн нэр хүндтэй үзэсгэлэн, фестивальд үндэсний оролцоог хангаж байна. Мөн орчин үеийн урлагийн салбарт дэвшилтэт технологи шингэсэн уран бүтээлийг дэмжих, залуу уран бүтээлчдийг олон улсын түвшинд гаргах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Түүнчлэн Монгол Улс 2026-2029 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдож, энэ онд "Хүннү язгууртны оршуулгын газар", "Эсгий хийх уламжлалт зан үйл", "Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан" зэрэг өвийг Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мөн аялал жуулчлалын салбар 2025 онд 847,200 жуулчин хүлээн авч, эдийн засагт 2.6 их наяд төгрөг төвлөрүүлснийг онцоллоо.

Тэрээр Ерөнхийлөгчийн санаачилгаар соёл урлаг, спортын салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүн нарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй спортын салбарын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болох олон төрлийн спортын зориулалттай “Президент” спорт цогцолбор төслийн ажил амжилттай үргэлжилж байгааг танилцууллаа.

Мэдээллийн төгсгөлд Сайд Ж.Алдаржавхлан салбарын тулгамдсан асуудлууд болох Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, салбарын албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаагаа хэлэв. Түүнчлэн Монгол Улсын соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлахын тулд гадаад орнуудтай соёлын солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорин ажиллаж байгааг Ерөнхийлөгч болон салбарын албан хаагчдад танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, соёл, урлагийн салбар бол улс орны тусгаар тогтнол, оршин тогтнохын үндсэн баталгаа болохыг цохон тэмдэглэлээ. Тэрбээр соёл урлаг, спортын салбарынхан төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, өв уламжлал, соёл, урлагийг сурталчилж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг сайшаав. Ерөнхийлөгч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжиж, соёл, урлагийн монгол брэндийг дэлхийд таниулан хөгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, “Музейн шинэ хөгжил нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээлээ. Мөн салбартаа амжилт гарган ажиллаж байгаа албан хаагчдад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа. ​


Уулзалтын төгсгөлд Консерваторын Морин хуурын чуулга болон үе үеийн нэрт уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын нийт хамт олонд сайн сайхныг хүсэж, "Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" хэмээн ерөөв.

Бусадтай хуваалцах