| | | |
Мэдээ

“ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХӨВСГӨЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-05-15 124

Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн дунд шатны үнэлгээний ажил 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна.

Уг үнэлгээний багт АХБ-ны төслийн ахлагч Марк Безуйжен, ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга бөгөөд Төслийн захирал В.Батчимэг болон төсөл хэрэгжүүлэх нэгж, орон нутгийн удирдлагууд оролцож байна. Ажлын хэсэг төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтын явцтай танилцаж, дараах чиглэлээр хяналт тавин ажиллалаа. Үүнд:

Уулзалт, хамтын ажиллагаа: Аймгийн удирдлагууд, Тусгай хамгаалалттай газрын захиргаа болон Мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Дэд бүтэц, тохижилт: Мөрөн сум, Жанхайн даваа, Чөчү уулын бэлд баригдсан нийтийн ариун цэврийн 3 байгууламжийг ашиглалтад оруулах бэлтгэлийг хангаж, Хатгал тосгон дахь хог хаягдлын ландфилл, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав.

Замын бүтээн байгуулалт: Жанхайн давааны худалдаа, үйлчилгээний төв болон Хатгал–Жанхай чиглэлийн 37.9 км авто замын ажлыг шалгаж, гүйцэтгэлийг эрчимжүүлэн 06 дугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгах чиглэл өглөө.

Энэхүү дунд шатны үнэлгээ нь төслийн үр дүнг бодитоор дүгнэх, үлдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бусадтай хуваалцах