| | | |
Мэдээ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ “ТАЛ НУТГИЙН АЯЛАЛ” БРЭНДЭЭР ХӨГЖҮҮЛНЭ

2026-05-07 121

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хоёр улсын яамдууд болон холбогдох байгууллагын төлөөлөл БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, бэлтгэл ажлын хүрээнд нэгдсэн ойлголтод хүрлээ.

Уг хэлэлцээр нь Хятадын жуулчдыг хил орчмын бүсэд 10 хүртэл хоногийн хугацаанд зорчуулах, Замын-Үүд–Эрээн чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, “Цайны зам” түүх, соёлын маршрутыг хамтран хөгжүүлэх замаар аялал жуулчлалын салбарын сэргэлтийг дэмжих эрх зүйн чухал үндэс болж байна.


Уулзалтын үеэр БНХАУ-ын талаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт нэг өдрийн аяллын туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргав. Монголын талын хувьд аяллын үйл ажиллагаанд зөвхөн дотоодын тур оператор компаниуд оролцох, тээврийн үйлчилгээ болон хөтөч тайлбарлагчийг Монгол Улсын иргэдээр гүйцэтгүүлэх зарчмыг тууштай баримталж ажиллахаа илэрхийллээ.


Мөн талууд аяллын бүтээгдэхүүнийг зөвхөн боомтын бүсээр хязгаарлахгүйгээр Дорноговь аймгийн байгалийн тогтоц, түүх, соёлын өв, нутгийн онцлогт тулгуурласан нэг болон түүнээс дээш хоногийн маршрутаар хөгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоонд суурилсан гар урлал, үндэсний өв соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгаалах, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

Уулзалтад Монгол Улсын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагын албаны төлөөлөл оролцов.

БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын байгууллага, Эрээн хотын захиргаа, Гадаад харилцаа болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны дараагийн шатны ажлуудыг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Бусадтай хуваалцах