| | | |
Мэдээ

“СОЁЛЫН БОЛОВСРОЛ - НЭГ МОНГОЛ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2026-05-06 252

​Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон түүний харьяа төрийн 26 байгууллага хамтран зохион байгуулсан “СОЁЛЫН БОЛОВСРОЛ - НЭГ МОНГОЛ” салбарын нээлттэй өдөрлөг 2026 оны 05 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд боллоо.

​Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос, ил тод, нээлттэй хүргэх зорилготой энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын олон нэр төрлийн үйлчилгээ, мэдээллийг иргэдэд шууд хүргэж ажилласан бөгөөд хоёр өдрийн турш 4550 иргэн үйлчилгээ авч, давхардсан тоогоор 15000 гаруй иргэн нээлттэй хаалганы өдөрлөгийг үзэж сонирхлоо.


Салбар тус бүрийн онцлох үр дүн, тоо баримтаас дурдвал:

​Соёлын салбарын хүрээнд: Соёл урлагийн тоглолтыг 1600 гаруй хүн үзсэн бол музей, номын сангийн үйлчилгээг 950 гаруй иргэнд хүргэсэн байна.

​Спортын салбарын хүрээнд: Нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлах үзүүлэх тоглолт, бие бялдрын хэмжилт, оношилгоо, зөвлөгөө мэдээлэлд 251 иргэн хамрагдлаа.

​Аялал жуулчлалын салбарын хүрээнд: Eguide.mn, COP17, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын мастер тогоочдын холбоо болон банкны салбарын төлөөллүүдтэй хамтран 1000 гаруй иргэнд салбарын үйлчилгээ, зөвлөгөөг хүргэж ажиллав.

​Залуучуудын салбарын хүрээнд: Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажиллагаа болон хувь хүний хөгжлийн чиглэлээр 758 залууст тусгайлсан зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.


​Энэхүү арга хэмжээ нь иргэдийн соёлын боловсролыг дэмжих, эрүүл чийрэг нийгмийг төлөвшүүлэх, салбар хоорондын уялдааг бэхжүүлэхэд чухал түлхэц болсон төдийгүй, цаашид төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх бодлогын хэрэгжилтэд бодит үр дүнгээ өгсөн ажил боллоо.

Бусадтай хуваалцах