| | | |
Мэдээ

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-21 73

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт болон үзэсгэлэн Астана хотноо амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээ нь 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрт зохион байгуулагдсан юм.

Хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа

Тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд БНКУ-ын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд Аида Балаева тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нээж үг хэлэв.

Сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ хоёр улсын нүүдлийн соёл иргэншлийн нийтлэг үнэт зүйлийг онцлон тэмдэглэж, олон улсын тавцанд үндэсний өв соёл, түүхээ харилцан сурталчлахад идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаахын зэрэгцээ манай улсын сонгодог урлагийн хүний нөөцийг бэлтгэхэд Казахстаны талын оруулсан хувь нэмэрт талархал илэрхийллээ.

Монголын өв соёлыг сурталчилсан үзэсгэлэн

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулан театрын фоейд дараах үзэсгэлэнгүүдийг дэлгэн сонирхуулав:

  • Монголын байгаль, соёл, түүх, нүүдэлчин аж ахуйг илэрхийлсэн 30 гэрэл зургийн үзэсгэлэн.

  • Морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсээс бүрдсэн 15 морин хуурын үзэсгэлэн.

  • Монгол хаадын түүхийг өгүүлэх 4 уран зургийн үзэсгэлэн.

“Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт

2024 онд салбарын яамд хооронд байгуулсан санамж бичгийн үр дүнд зохион байгуулагдсан тус тоглолт нийт 70 минут үргэлжилж, 17 урлагийн үзүүлбэр толилуулав. Тоглолтод ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, хөөмий тэргүүтэй үндэсний болон сонгодог урлагийн дээжис эгшиглэж, хоёр улсын найрамдалт харилцааг улам бататгалаа.

Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Э.Мөнхбаярын удирдлага дор Монгол төрийн үндэсний хөгжмийн найрал тоглосон бөгөөд хөтөлбөрийн онцлох үзүүлбэрүүдээс дурдвал:

  • Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Энхбаатар “Эр бор харцага” ардын бэсрэг уртын дууг, гоцлооч морин хуурч С.Дарханбаяр “Үүлэн бор” зохиолыг тус тус эгшиглүүлэв.

  • Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчид “Аягат бүсгүйчүүд” зэрэг үндэсний бүжгийн гайхамшгийг толилууллаа.

  • Казах түмний хөгжмийн соёлыг хүндэтгэн Курмангазы Сагырбайулын “Балбырауын” бүтээлийг үндэсний хөгжмийн найрал тоглож сонирхууллаа.

  • Дэлхийн сонгодог урлагийн дээжээс Ж.Пуччинийн Турандот дуурийн "Нессүн дорма"-г гоцлол дуучин Б.Батжаргал, "Madame Butterfly" дуурийн “Чио чио сан”-ы арийг МУГЖ Б.Энхнаран нар дууллаа.

  • Мөн дуучин И.Мишээл “Ана туралы жыр” буюу эхийн тухай дууг дуулсан ба тоглолт Б.Шаравын “Сэрсэн тал” хөгжмийн бүтээлээр өндөрлөсөн юм.

Бусадтай хуваалцах