| | | |
Мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2026-03-02 167

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын Байгалийн Өв сан хамтран “Байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичигт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монголын Байгалийн Өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгийг хамтран боловсруулж батлуулах, жишиг эко аялал жуулчлалын загваруудыг хөгжүүлж, хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх зэрэг Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.


Энэхүү хамтын ажиллагаа нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, шаардлагыг боловсронгуй болгож мөрдүүлэх, аялал жуулчлалын салбарт санхүүгийн хөшүүргийг оновчтой ашиглах, байгаль хамгааллын тусгай шаардлагыг зээлийн шалгуур зэрэг санхүүгийн механизмуудтай уялдуулах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн олон улсын сайн туршлагад тулгуурлан тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын жуулчдаас авах байгаль хамгааллын хураамжийг нэвтрүүлэх, уг эх үүсвэрийг тогтвортой аялал жуулчлал болон байгаль хамгааллын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг ажлыг 3 жилийн хугацаанд хамтран зохион байгуулах юм.

Мөн байгаль хамгааллын бодит үр нөлөөг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Байгаль хамгаалал, соёлын өвийг хадгалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх энэхүү стратегийн түншлэл нь “Өнө мөнхийн Монгол” зорилтыг бодит ажил хэрэг болгох бат бөх суурь болж байна.

Бусадтай хуваалцах