| | | |
Мэдээ

Д.Цэрэндаваа: Монгол хөөмэй дэлхийн өв болон хөгжиж чаджээ

2023-03-05 848

Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулдаг. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Ховд аймгийн Чандмань сумын хөөмэйч Дашдоржийн Цэрэндаваа шалгарсан юм.

Тиймээс Ховд аймагт ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин өнөөдөр тус аймгийн Чандмань суманд очиж, 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваад Засгийн газрын шагнал гардууллаа. 

Шагналыг Чандмань сумын Соёлын төвд гардуулж, Соёлын сайд Ч.Номин, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, өвлөн уламжлагч Д.Цэрэндаваагийн ар гэр, шавь нар, сумын иргэд оролцов.

2022 оны шилдэг өвлөн уламжлагч Д.Цэрэндаваа:

Ховд аймгийн Чандмань сум, хоёр алтай нутаг, эгшиглэнт хөөмэйн гурван хос нуур, энд амьдран суугаа үе үеийн өтгөс буурлуудын маань ач зээ, үр хүүхдүүд, өөрийн төрөл төрөгсөд ач зээ, нутгийн түмэн маань өнөөдөр бүгдээрээ хүрэлцэн ирж, хамтарч энэ шагналыг хүлээн авсанд туйлын их баяртай байна. 

Соёлын яамыг байгуулж Монголынхоо соёлыг хамгаалах эзэнтэй болгосон Засгийн газарт талархал илэрхийлье. Энэ нэр хүндтэй шагналыг олгож, хүндэтгэл үзүүлэн ирсэн Засгийн газар, Соёлын сайд, аймгийн Засаг даргад талархал илэрхийлье.

Өнөөдөр 1000 гаруй шавьтай болж, хөөмэйг дэлхийн гиннесийн номд, соёлын биет бус өвд бүртгүүлж, одоо Монголын хэмжээнд олон зуун хүн хөөмэйг ур чадварын өндөр түвшинд нэгэн зэрэг эгшиглүүлэх чадвартай болсон. Хөөмэй өв болон хөгжиж чадсан юм” гэлээ.    

Харин 2022 оны шилдэг өвлөн уламжлагч Д.Цэрэндаваад баяр хүргэж, Соёлын сайд Ч.Номин:

Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, хүн байгалийн шүтэлцээний тод илэрхийлэл болсон “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өөрийн аав, нагац ах, багш нараас язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, авьяас билгийн хүчээр түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дашдоржийн Цэрэндаваа танд талархал дэвшүүлье. 

Монгол Улсын Засгийн газраас “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг 2018 онд баталж, өнгөрсөн жилүүдэд 4 өвлөн уламжлагчийг шалгаруулсан.

“Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулж буй таны хөдөлмөр, зүтгэл Соёлын яамны дэргэдэх “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл”-д 11 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос 2022 онд шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлсэн 19 өвлөн уламжлагчийн дундаас шалгарч, Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан. 

Монгол хөөмэйн өлгий нутаг гэгддэг Ховд аймгийн Чандмань суманд хүрэлцэн ирж, танд энэхүү хүндтэй шагналыг гардуулан өгч буйдаа миний бие туйлын их баяртай байна.  ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д 2010 онд бүртгэгдсэн “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг залуу хойч үед уламжлалт хэв шинжээр нь өвлүүлэн уламжлуулж, өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд таны үүрэг, оролцоо үнэлж баршгүй их юм.

Монгол Улсын Засгийн газраас Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч “хүн амьд эрдэнэ”-ээ хамгаалах, дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, өвлөн уламжлагчийг эрүүл байлгах зорилтыг тавьж “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д багтсан 102 өвлөн уламжлагчийг 2022 онд эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 2023 онд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид дэмжлэг үзүүлэх олон хэлбэрийг тодорхойлох, шавь сургалтад суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох, соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилго бүхий “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Дашдоржийн Цэрэндаваа танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Соёлын биет бус өвийн 2022 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсан дахин баяр хүргэж, эрүүл, энх урт удаан наслан, үр хойч бидэндээ үнэт өвийн их сангаа өвлүүлэн уламжлуулж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа баяр хүргэж:

Олон угсаатны өлгий Ховд нутагт минь үеэс үед өвөг дээдсээсээ өвлөгдөж ирсэн баялаг соёлын өв, түүхтэй. Тэдгээрийн нэг нь хөөмэй бөгөөд хөгжмийн зэмсэг ашиглалгүй хүнээс гайхамшигтай эгшиг гаргадгаараа маш өвөрмөц юм. Энэ гайхамшигтай соёлын өв манай Чандмань сумаас гаралтай.

Монгол хөөмэйн уламжлалт урлаг өвийг өвлөн уламжлагч энэхүү сүрлэг уулсын өлгий нутгийн Дашдоржийн Цэрэндаваа гуай 24 наснаасаа эхлэн Монгол хөөмэйн хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх, дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн найман баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм.

Таны энэ үйл хэргийг Монгол Улсын хэмжээнд үнэлэн 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулж, төрөлх нутаг, түүх, соёлоо дуурсгасанд Ховдчууд бид омогшиж, соёлын өвөөрөө бахархах сэтгэлийг улам төрүүллээ. 

Бид бахархам баялаг соёлын өвтэй ард түмэн. Тэр тусмаа Ховдчууд бид маш баялаг соёлын өвтэй. Өнөөдрийн энэхүү эрхэм хүндэтгэл дараа дараагийн олон өв тээгчдийг Ховд нутгаас төрүүлэх булган сүүлтэй байна гэдэгт бат итгэлтэй байна” гэлээ.

Д.Цэрэндаваагийн талаар:

Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, багаасаа өөрийн аав Л.Дашдорж болон нутгийн хөөмэйч М.Өлмийбат, Г.Маргад, Д.Сундуй, Д.Чулуун нараас хөөмэйн ур чадварыг эзэмшжээ. Тэрээр Монгол хөөмэйг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх,  дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 4 тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн 8 баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм. 

Д.Цэрэндаваа нь Бүх ард түмний урлагийн үзлэгийн “Хошой алтан медаль” (1981), Ажилчны урлагийн үзлэгийн “Алтан медаль” (1982), Ардын язгуур урлагийн “Алтан медаль” (1983), Бүх ард түмний урлагийн үзлэгийн “Алтан медаль” (1984), Москва хотод зохион байгуулагдсан Дэлхий залуучууд оюутны 12 дугаар их наадмын “Гранпри” шагнал (1985), Залуучуучуудын урлагийн их наадам уралдааны “Дэд байр” (1986), Олон улсын хөгжмийн 7 дугаар симфозиумын “Алтайн магтаал,  хөөмэй”-н төрлөөр “Алтан медаль” (1987), Ардын язгуур урлагийн 2 дугаар их наадмаас “Алтан медаль” (1987), Монгол туургатны анхдугаар их наадмаас “Тэргүүн байр” (1991), Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” (1995), Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” (1998), Олон улсын хөгжмийн хөөмэйн симфозиумын “Алтан медаль” (2001), Англи Улсын Хэбрэйдын аралд зохион байгуулагдсан Шүтэлцээт урлагийн наадмын “Тэргүүн байр” (2001), Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмэйн анхдугаар их наадмаас “Алтан медаль” (2003), Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмэйн хоёрдугаар их наадамд тэргүүн байр (2005), Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улс /Якут/-д зохион байгуулагдсан “Язгуур урлагийн олон улсын наадам”-ын гранпри (2021), “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч” шагналыг (2022) тус тус хүртсэн. Соёлын өв, ялангуяа “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж 2006 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг.

Өвлөн уламжлагч Д.Цэрэндаваа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Ташрамд дурдахад, өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа (2018), Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж (2019), Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа (2020), Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа (2021) нар шалгарч байжээ.

Бусадтай хуваалцах