| | | |
Мэдээ

КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН АНХНЫ СҮЛЖЭЭГ МОНГОЛ УЛС ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА

2023-05-19 571

Монголын кино уран бүтээлчид Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт дор Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо 2023 оны 5 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Каннын 76 дахь удаагийн олон улсын кино наадамд Монгол Улсын албан ёсны павильоныг ажиллуулж байна. Тэд өчигдөр БНСУ, Филиппин, Сингапур, Тайвань, Малайз, Индонез гэсэн зургаан орны Засгийн газрын кино урлагийн зөвлөлтэй дугуй ширээний уулзалтад оролцлоо. Тус уулзалтаар Азийн кино урлагийн зөвлөлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд FAN (Asian Film Alliance Network) Азийн кино холбоодын нэгдсэн сүлжээг үүсгэн байгууллаа.

Ингэснээр Акийн кино холбоодын нэгдсэн сүлжээ нь:

1. Хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор улс хооронд туршлага солилцох, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах

2. Азийн кино зөвлөлүүдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцон хамтран ажиллах

3. Долоон орны хооронд хамтарсан кино төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах

4. Улс орнуудын соёл уламжлал, түүхийг хүндэтгэн харилцан хамтран ажиллах гэсэн дөрвөн чиглэлээр ажиллахаар болж, дараагийн уулзалт хэлэлцүүлгийг 28 дахь удаагийн Бусаны Олон Улсын кино наадмын үеэр зохион байгуулж, Япон, Вьетнам зэрэг Азийн бусад улс орнуудыг хамруулан хамтран ажиллахаар төлөвлөв.

Тус уулзалтын дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Кино зөвлөл болон Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд улс хоорондын соёл уламжлал, түүхийн онцлогийг хүндэтгэж хамтран ажиллах, хамтарсан кино төслийг хөгжүүлэн ажиллах, хоёр улсын кино түгээлтийг дэмжин ажиллах, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Бакалавр, магистр, докторын түвшинд боловсон хүчнийг чадавхжуулах, Монгол, Солонгосын кино наадмуудад хоёр тал өөрсдийн кинонуудыг онцлон гаргах, хоёр улсын кино уран бүтээлчдийг түлхүү дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.

Бусадтай хуваалцах